top of page

ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Бараа материал №6

  • Writer: UB audit
    UB audit
  • Aug 24
  • 5 min read
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
  • ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • ХӨРӨНГӨ

  • ӨР ТӨЛБӨР

  • ЭЗДИЙН ӨМЧ

  • ОРЛОГО БА ОЛЗ

  • ЗАРДАЛ БА ГАРЗ

  • БУСАД

ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ


ХӨРӨНГӨ: БАРАА

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Бараа материалд бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө, үйлдвэрлэл, боловсруулалтын дамжлагад байгаа зүйлс болон үйл ажиллагаа явуулахад ашиглах гэж байгаа материал, хангамжийн зүйлс хамрагдана.

Бараа материалыг борлуулсан буюу солилцсон үед түүний өртгийг холбогдох орлогыг хүлээн зөвшөөрсөн тайлант үеийн өртөг, зардлаар хүлээн зөвшөөрнө. Үйлчилгээ үзүүлдэг хоршооны хувьд үйлчилгээ үзүүлсэн буюу үйлчилгээний тооцоог нэхэмжилсэн үед холбогдох өртөг, зардлыг хүлээн зөвшөөрнө.

Бараа материалын өртгийг бууруулсан үед гарзыг уг бууруулах бичилтийг хийсэн тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах

Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах үед орлогыг ямар аргаар бүртгэж байгаагаас шалтгаалан гишүүдээс авсан бараа материалыг ялгаатай байдлаар бүртгэнэ. Эдгээр аргуудын талаарх дэлгэрэнгүйг орлого хэсгээс харна уу.

Агентын бүртгэлийн арга

Гишүүний хоршоогоор дамжуулан худалдан борлуулах ноос, ноолуур, мал, мах, арьс шир гэх мэт бараа бүтээгдэхүүнийг хоршооны хөрөнгө гэж үзэхгүй тул хоршооны бараа материалын дансанд бүртгэхгүй. Гэхдээ уг бараа бүтээгдэхүүнийг балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэл хөтлөн, тооцоо хийнэ.

Нийт орлогын дүнгээр бүртгэх арга

Хоршоо нь гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, орлогод бүртгэж, харин борлуулсан үед нь зарлагадна. Өөрөөр хэлбэл гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнтэй нэгэн адил бүртгэнэ.

Гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах

Хоршоо нь гишүүн бус этгээдээс худалдан авсан ноос, ноолуур, мал, мах зэрэг бараа бүтээгдэхүүнийг орлогод бүртгэж, борлуулсан үед нь зарлагадна.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Бараа материалын анх орлогод авах өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно.

Худалдан авалтын өртөгт бараа материалыг худалдан авсан үнэ, импортын хураамж болон бусад татвар, тээврийн олон ачиж буулгах зардал, худалдан авахтай шууд холбогдон гарах бусад зардлууд хамаарна. Худалдааны хөнгөлөлт, урамшуулал болон бусад адилтгах зүйлсийг хасаж тооцно.

НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй хоршоо нь худалдан авсан бараа материалд ногдох НӨАТ-ыг бараа, материалын өртөгт оруулан тооцно.

Гадаад валютаар худалдан авсан бараа материал, хангамжийн зүйлийг худалдан авсан өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ.

Хувиргалтын зардал нь үйлдвэрлэл эрхэлдэг хоршооны хувьд гарах бөгөөд түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэлийн өртгийг бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргах зардлыг хэлнэ. Хувиргалтын зардалд шууд хөдөлмөрийн зардал, тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд багтана. Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардалд элэгдэл, үйлдвэрийн барилга ба тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлдвэрийн удирдлагын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс хамаарахгүйгээр харьцангуй тогтвортой байдаг үйлдвэрлэлийн шууд бус зардлууд орно. Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардалд үйлдвэрлэлийн шууд бус зардал болох шууд бус хөдөлмөр, шууд бус материалын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд эсвэл ойролцоогоор дагаж өөрчлөгддөг зардлууд орно.

Бусад зардал гэдэг нь бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гарсан бусад зардлыг хэлэх ба үүнийг бараа материалын өртөгт оруулан тооцно. Бараа материалын өртөгт ордоггүй бөгөөд тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрөгддөг дараах зардлууд байдаг. Үүнд:

  • Хаягдал материал, хөдөлмөр болон үйлдвэрлэлийн бусад зардлын хэвийн бус дүн;

  • Үйлдвэрлэлийн нэг дамжлагаас дараагийн шат дамжлагад шилжүүлэх үед зайлшгүй гарах зардлаас бусад хадгалалтын зардал ;

  • Бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гараагүй удирдлагын нэмэгдэл зардал;

  • Борлуулалтын зардал;

Бараа материалын солилцоо

Хоршоо нь бараа, бүтээгдэхүүнийг мөнгөөр бус түүхий эдээр солилцсон тохиолдолд хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж, уг дүнгээр бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг бүртгэнэ.

Биологийн хөрөнгөөс бий болгосон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэж биологийн хөрөнгөөс хүлээн авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Тухайлбал, үр жимс, ноос, ноолуур, мах, сүү гэх мэт.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бараа материалд бүртгэх ба анхны удаа бодит үнэ цэнээс хүлээн авалтын цэг дээрх борлуулалтын зардлыг хасаж тооцсон дүнгээр хүлээн зөвшөөрнө.

Бараа материалын өртгийг тооцох аргууд

Худалдан борлуулсан, үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан бараа материалын өртгийг тооцохдоо дундаж өртгийн арга, эхэлж авсныг эхэлж зарлагадах арга, тусгай тэмдэглэгээний аргаас аль тохиромжтойг сонгож хэрэглэнэ. 

1.1.   Жинлэсэн дундаж өртгийн аргын үед тайлант үеийн эхэнд байсан бараа материал болон тайлант үеийн туршид худалдан авсан эсвэл үйлдвэрлэсэн бараа материалын жинлэсэн дундаж өртгөөр нэгжийн өртгийг тодорхойлно. Хоршоонд бараа материалын бүртгэлийн ямар системийг ашиглаж байгаагаас хамааран жинлэсэн дундаж өртгийг худалдан авалт хийсэн тухай бүрт болон тодорхой үе хугацаагаар тооцож байдаг.

1.2.   Эхэлж авсныг эхэлж зарлагадах (ЭАЭЗ). Энэ аргын үед эхэлж авсан болон эхэлж үйлдвэрлэсэн барааг эхэлж худалдана гэж үздэг тул тайлант үеийн эцэст үлдэх бараа материал нь хамгийн сүүлд худалдан авсан үнэ буюу үйлдвэрлэсэн өртгөөр илэрхийлэгдэнэ.

1.3.   Тусгай тэмдэглэгээний аргаар харилцан орлуулах боломжгүй бараа материал болон тусгай төслөөр үйлдвэрлэсэн ба тусгаарласан бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг тодорхойлно. Өөрөө үйлдвэрлэсэн эсвэл худалдаж авсныг үл харгалзан тусгай зориулалтаар тусгаарласан бараа материалыг үнэлэхэд энэ арга тохиромжтой. 

Бараа материалын бүртгэлийн систем

Бараа материалын бүртгэлийн үндсэн хоёр систем байдаг. Үүнд:

1.4.   Байнгын систем. Бараа материал худалдан авсан болон зарцуулсан үед уг өөрчлөлтийг тухай бүрт нь "бараа материал" дансанд, зарцуулалтыг "Борлуулсан бүтээгдэхүүний өртөг" дансанд хуримтлуулан бүртгэдэг. Мөн бараа материалын өртөгт орох шаардлагатай тээврийн зардал, даатгалын зардал зэргийг гарсан тухай бүрт нь бараа материал дансанд бүртгэнэ. Бараа материалын бүртгэлийн байнгын систем нь бараа материалыг тоо хэмжээ болон үнийн дүнгийн хувьд нарийвчлан бүртгэхийг шаарддаг.

1.5.   Цаг үеийн систем. Тус системийг ашиглах үед бараа материалын хөдөлгөөнийг "Бараа материал" дансаар биш, харин тайлангийн хугацаанд хөтлөгдөх түр дансуудыг ашиглан бүртгэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл цаг үеийн системийн үед бараа материалыг худалдан авч орлого болгохдоо "Худалдан авалт" дансанд, түүнийг олж бэлтгэхтэй холбоотойгоор гарсан зардлуудыг "Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал" дансанд тус тус бүртгэнэ. Мөн цаг үеийн системийн үед бараа материалыг борлуулахдаа түүний өртөгтэй холбоотой бичилт хийхгүй бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг үечилсэн байдлаар, үе хугацаа бүрийн эцэст тооцож үйл ажиллагааны үр дүнг тайлагнана.

Дотоодын хэрэгцээнд бараа материал зарцуулах

Хоршоо нь өөрийн дотоод хэрэгцээнд зарцуулсан бараа материалыг өртгөөр нь холбогдох зардалд тусгана.

Үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг тооцох

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хоршооны өртгийн бүртгэлийн зохион байгуулалт нь бусад төрлийн аж ахуй нэгж, байгууллагын өртгийн бүртгэлийн зохион байгуулалттай үндсэндээ ижил юм.

Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/ гэж ангилан үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийн төв нэг бүрээр хуримтлуулан бүртгэнэ.

Хоршоо нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа чиглэлээс хамаарч үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох аргачлалыг өөрсдөө тогтооно.

Дан ганц үйлдвэрлэл, эрхэлдэг хоршоо ҮНЗ-ыг хуваарилахыг шаардахгүй бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг хялбарчлан дуусаагүй үйлдвэрлэл дансанд шууд бүртгэнэ.

Дараа үеийн үнэлгээ

Тайлант хугацааны эцэст бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тооцож, өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь үнэлнэ. Өөрөөр хэлбэл бараа материалын үнэлгээ (цэвэр боломжит үнэ) нь өртгөөс доогуур байгаа нөхцөлд хасагдуулга байгуулах замаар дансны үнийг бууруулж бүртгэнэ.

Цэвэр боломжит үнэ цэнэ гэж бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулахад шаардагдах зардлыг хассан дүнг хэлнэ.


Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно.

Эх сурвалж: Legalinfo

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page