top of page
Search

Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийх


Албан татвар суутган төлөгч нь албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах албан хүсэлтийг харьяа татварын албанд цахим хэлбэрээр гаргана.


Том татвар төлөгчийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн татварын албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • албан татвар суутган төлөгчийн Том татвар төлөгч хариуцсан нэгж /цаашид ТТТХН гэх/-ийн хяналт шалгалтаар баталгаажуулснаас хойших хугацааны, өмнө нь хяналт шалгалт хийгдээгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдрөөс хойших хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан бүрэн баталгаажсан эсэх, тайлангаарх илүү төлөлтийг Татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэл болон цахим төлбөрийн баримтын системтэй тохирч байгааг ажлын 2 хоногт багтаан нягтална.

  • нягтлах ажиллагааны явцад "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам" 5.2.1-д заасан хамрагдах хугацаанд албан татвар ногдох орлого тайлагнаагүй, зөвхөн бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар илүү төлөлт үүссэн байвал албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг буцааж, албан татварыг буцаан олгох боломжгүй талаар татвар төлөгчид мэдэгдэнэ.

  • нягтлах үйл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд батлагдсан маягтын дагуу хянан баталгаажуулах саналыг албан бичгээр албан татвар суутган төлөгчийн хүсэлтийн хамт ТТТХН-д хүргүүлэх саналыг нягтлан Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ.

  • Эрсдэлийн үнэлгээгээр хүлээн зөвшөөрөхүйцбага эрсдэлтэй бичил болон жижиг ангилалд хамаарах албан татвар суутган төлөгчийннэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр хийж болох бөгөөд бусад албан татвар суутган төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах энгийн хяналт шалгалтад хамруулна.

  • ТТТХН-ийн хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь албан татвар суутган төлөгчөөс ирүүлсэн хүсэлт, аймаг, нийслэл, дүүргийн татварын албанаас ирүүлсэн саналын дагуу албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, буцаан авах болон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг баталгаажуулах ба энгийн хяналт шалгалтыг ажлын 14 хоногт, хялбаршуулсан хяналт шалгалтыг ажлын 3 хоногт багтаан хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулаагүй нөхцөлд илүү төлсөн албан татварын үлдэгдлийг буцаан олгох болон бусад төрлийн татварын өрөнд суутган тооцохгүй.

  • "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг албан татвар суутган төлөгч эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш дараагийн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийх ба шалгалтад хамрагдсан албан татвар суутган төлөгчийн худалдан авалт, түүнд төлсөн албан татвар нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримт цахим төлбөрийн системд баталгаажсан байна.

  • "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" /ХШ-12 маягт/-ны 3, 4 дэх хэсэгт дэлгэрэнгүй тусгах ба импортын бараанд төлсөн албан татварын дүнг гаалийн мэдээ, гаалийн бүрдүүлэлтийн баримтад үндэслэн төлбөр төлснийг нотолно.

Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд түүний худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-д заасны дагуу шийдвэрлэнэ.


Эх сурвалж: Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам 5-р хэсэг


0 comments

Comments


bottom of page