top of page

ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №13

  • Writer: UB audit
    UB audit
  • Sep 20
  • 6 min read
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
  • ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • ХӨРӨНГӨ

  • ӨР ТӨЛБӨР

  • ЭЗДИЙН ӨМЧ

  • ОРЛОГО БА ОЛЗ

  • ЗАРДАЛ БА ГАРЗ

  • БУСАД

  • ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ


ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ

Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана.

ҮНДСЭН ХӨРӨНГӨ

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Үндсэн хөрөнгө гэж нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглагдахаар хүлээгдэж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, бусдад түрээслүүлэх эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгийг хэлнэ.

Үндсэн хөрөнгөнд газрын сайжруулалт, барилга, байгууламж, машин механизм, ажлын байрны тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, болон бусад  үндсэн хөрөнгүүд орно.

Хөрөнгөнд холбогдох эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхыг тухайн байгууллага хүртэх магадлалтай ба хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжтой тохиолдолд үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Барилга байгууламжийг өөрөө барьж, бий болгож байгаа хоршоо тухайн барилгын гүйцэтгэлийн ажил дуусаж үндсэн хөрөнгөнд шилжүүлэх хүртэлх хугацаанд уг барилгатай холбоотой гарсан бүх зардлыг хуримтлуулан бүртгэснээр дуусаагүй барилгыг хүлээн зөвшөөрнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Үндсэн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхдөө өртгөөр нь хэмжинэ. 

  1.   Үндсэн хөрөнгийн өртөг

Үндсэн хөрөнгийн өртөг нь дараах зүйлсээс бүрдэнэ:

-          гаалийн татвар, буцаан олгогдохгүй татварыг нэмж, худалдааны хөнгөлөлт, буцаалтыг хассан худалдан авалтын үнэ,

-          удирдлагын төлөвлөсөн арга маягаар ажиллуулах боломжтой болгоход шаардлагатай тийм байршил болон нөхцөл байдалд уг хөрөнгийг авчрахад шууд хамааралтай аливаа өртөг зардал

-          үндсэн хөрөнгийн зүйлийг буулгаж задлах, холдуулж зайлуулах ба түүний байрлаж байсан газар талбайг хэвийн байдалд оруулах өртөг зардлын тооцоолсон дүн.

Шууд хамаарах зардалд үндсэн хөрөнгийг худалдан авах, барьж байгуулахтай шууд холбогдон гарсан ажилчдын зардал, талбай бэлтгэх зардал, анхны хүргэлт, тээвэрлэлт, суурилуулалт ба угсралт, хэвийн ажиллагааг шалгах зардал, мэргэжлийн үйлчилгээний төлбөр зэрэг орно.

  1.   Дараа үеийн зардал.

Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардал нь хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх, эсвэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулж байвал нэмж капиталжуулсан хэмжээгээр хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Энэ шинжийг агуулаагүй бусад бүх засвар, үйлчилгээний урсгал зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэнэ.

  1.   Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ.

Дахин үнэлгээ хийх давтамж нь дахин үнэлж буй хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс шалтгаална. Хэрэв дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь түүний дансны үнээс ихээхэн ялгаатай бол дахин үнэлгээг зайлшгүй хийнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харьяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Үндсэн хөрөнгийн анги гэдэг нь ижил шинж чанар болон хоршооны үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах байдлаар нь ангилсан бүлэглэл юм.

Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн байвал өсөлтийг бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрч, өмчийн хэсэгт дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр хуримтлуулан бүртгэнэ. Гэхдээ тухайн хөрөнгийн дахин үнэлгээний бууралтыг өмнө нь ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бол тэр хөрөнгийн дахин үнэлгээний өсөлтийг мөн адил ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө.

Хэрэв үндсэн хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд буурсан байвал энэ бууралтыг ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн хөрөнгийн өмнөх дахин үнэлгээний нэмэгдлийн кредит дүнгийн хэмжээгээр бусад дэлгэрэнгүй орлого хэсэгт хүлээн зөвшөөрч болно. Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бууралт нь өмчийн хэсэг дэх дахин үнэлгээний нэмэгдэл дансны хуримтлагдсан дүнг бууруулна.

Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний өдрөөрх хуримтлагдсан элэгдлийг дор дурдсан аргын аль нэгээр бүртгэнэ.

  • Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлж дахин тооцох ба ингэснээр дахин үнэлгээний дараах хөрөнгийн дансны үнэ нь дахин үнэлсэн дүнтэй тэнцүү болно. Энэ аргыг ихэвчлэн элэгдүүлсэн өртгөөс индексийн тусламжтайгаар хөрөнгийг дахин үнэлэх үед хэрэглэдэг.

  • Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнээс хасах ба гарсан цэвэр дүнг хөрөнгийн дахин үнэлсэн дүн гарах хүртэл тооцно.

  •   Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт.

Хоршоо нь үнэ цэнэ буурсан гэх нотолгоо байгаа бол тухайн хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолж, дансны үнэтэй харьцуулан, үнэ цэнийн бууралтыг тодорхойлно.

Нөхөгдөх дүн гэж хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их дүнг хэлнэ.

Хөрөнгийн дансны үнэ нь нөхөгдөх дүнгээс хэтэрсэн тохиолдолд үнэ цэнийн бууралтын зардлыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Хэрэв үнэ цэнийн буурсан гэх нотолгоо өөрчлөгдсөн бол үнэ цэнийн бууралтыг буцааж болох ба буцаалт нь хуримтлагдсан үнэ цэнийн бууралтаас хэтрэхгүй.

Дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг дахин үнэлгээний бууралт гэж үзнэ. Бусад тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг орлогын тайланд зардлаар шууд хүлээн зөвшөөрнө.

Үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсний дараа хөрөнгийн шинэчлэгдсэн дансны үнийг хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдэх хугацаанд системтэйгээр хуваарилах зорилгоор хөрөнгийн ирээдүйн тайлант хугацаанд элэгдлийн зардлыг өөрчлөн тохируулна.

  1.   Элэгдэл. 

Хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааны туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр шингээнэ. Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн хөрөнгөнд элэгдэл байгуулахгүй.

Хоршоо хөрөнгийн өгөөжийг хэрхэн хүртэхийг харгалзаж үзсэний үндсэн дээр үндсэн хөрөнгийг ашиглах зохистой хугацааг тогтоож, түүнд элэгдэл тооцох тохиромжтой аргыг сонгон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусган тууштай мөрдөнө.

Хөрөнгийн үлдэх өртөг болон ашиглалтын хугацааг санхүүгийн жил бүрийн эцэст эргэн нягталж, хэрэв тэдгээрийг өөрчлөх тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзэн гүйцээх горимоор бүртгэнэ.

Ашиглалтын хугацаа гэж хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа, эсвэл тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнтэй адилтгах зүйлсийн нэгжийг хэлнэ.

Үлдэх өртөг гэж хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа түүнээс олж авахаар байгууллагын хүлээж буй  цэвэр дүнг хэлнэ.

Хоршооны үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах бодлого нь татварын  хуулиар тогтоосон хувь хэмжээнээс зөрүүтэй бол зөрүүг татварын түр зөрүүгээр бүртгэж тайлагнана. Энэ талаарх дэлгэрэнгүйг орлогын албан татвар хэсгээс харна уу.

5.1.   Элэгдүүлэх дүн. Элэгдүүлбэл зохих дүнг үндсэн хөрөнгийн анхны өртөг, үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах дахин үнэлгээ, нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан бусад зүйлийг тооцсон анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнгээр илэрхийлнэ. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилна. Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг, ашиглалтын хугацаа, элэгдүүлэх арга өөрчлөгдвөл нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзээд гүйцээх горимоор бүртгэнэ.

5.2. Үлдэгдэл өртөг. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг тухайн хөрөнгийг худалдах буюу ашиглалтаас хасах, шилжүүлэх, дахин үнэлэх үеийн тооцоололд ашиглана. Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн үндсэн хөрөнгөнд дахин элэгдэл тооцохгүй ба үндсэн хөрөнгийн анхны өртөг, хуримтлагдсан элэгдлийн дүнг уг хөрөнгийг ашиглалтаас гаргах хүртэл санхүүгийн байдлын тайланд толилуулна.

5.3.   Элэгдүүлэх хугацаа. Хоршоо үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс түүнийг данснаас хасах хүртэлх хугацаанд тооцох ба элэгдүүлэх хугацааг тухайн хоршоо ашиглахаар төлөвлөж буй хугацаа, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажил үйлчилгээний тоо хэмжээ, удирдлагын гаргасан шийдвэр, үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаа зэрэгт үндэслэн тогтооно.

5.4.   Элэгдэл тооцох арга. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааных нь туршид системтэйгээр хуваарилахдаа элэгдэх тооцох янз бүрийн аргыг хэрэглэж болно. Эдгээр аргад шулуун шугамын арга, үлдэгдлийг бууруулах арга, бүтээгдэхүүний нэгжийн арга орно. Шулуун шугамын аргаар хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааных нь туршид тогтмол хэмжээтэй элэгдэл тооцдог. Үлдэгдлийг бууруулах аргаар элэгдэл тооцох аргын үед хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааны туршид байгуулсан элэгдэл нь жилээс жилд буурдаг. Бүтээгдэхүүний нэгжийн аргаар элэгдлийг тооцоход хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалт буюу гарцад үндэслэж зардлыг тооцдог.

  1.   Үндсэн хөрөнгийн солилцоо.

Үндсэн хөрөнгийн зүйлийг ижил бус төрлийн үндсэн хөрөнгийн зүйл эсвэл бусад хөрөнгөөр солих эсвэл хэсэгчлэн солих замаар олж авч болно. Үндсэн хөрөнгийг солилцоог арилжааны зорилготой гэж үзвэл хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэж, хөрөнгийн солилцооны олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох боломжгүй бол өгсөн хөрөнгийн дансны үнэтэй тэнцүү дүнгээр хүлээн авсан хөрөнгийг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд хөрөнгийн солилцооны олз, гарз үүсэхгүй. Мөн арилжааны бус зорилгоор хийсэн хөрөнгийн солилцоонд дансны үнийн үнэлгээг ашиглах ба энэ үед олз, гарз үүсэхгүй.

  1.   Буцалтгүй тусламж, бэлэг хандиваар олж бэлтгэх. 

Хоршоо нь үнэ төлбөргүйгээр буюу буцалтгүй тусламж, бэлэг, хандиваар үндсэн хөрөнгө хүлээн авсан бол хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэнэ.

  1.   Ашиглалтаас хасах ба данснаас хасах.

Хөрөнгийг данснаас хассанаар түүнээс хүлээгдэж буй эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавх байхгүй болсны улмаас хөрөнгийг ашиглалтаас бүр мөсөн хассан эсвэл данснаас хассан тохиолдолд үндсэн хөрөнгийн тухайн зүйлийг санхүүгийн байдлын тайлангаас хасна. Үндсэн хөрөнгийн зүйлийг ашиглалтаас хасах эсвэл данснаас хасах үед үүсэх олз буюу гарзыг хөрөнгийн дансны ба данснаас хасахад үүссэн цэвэр орлого хоёрын зөрүүгээр тодорхойлно.

  1. Өөрөө бүтээн босгож байгаа хөрөнгө буюу дуусаагүй барилга

Бүтээн босгож буй хөрөнгийг олж авах, барилгын ажлыг гүйцэтгэх, үйлдвэрлэхтэй шууд хамааралтай зээлийн зардал нь тухайн хөрөнгийн өртгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Зээлийн өртөгт үр ашигт хүүгийн аргаар тооцсон зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, гадаад валютаар илэрхийлэгдсэн зээлийн ханшийн зөрүү зэрэг багтана.

Хоршоо өөрийн барилга, байгууламж барих, бүтээн босгохтой шууд холбоотой гарсан зээлийн зардлыг тухайн хөрөнгийн өртгийн нэг хэсэг болгон капиталжуулдаг. Хөрөнгийг барьж босгох үйл явц зогссон эсвэл бүрэн дууссан үед зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно.

Тайлангийн үед капиталжуулсан зээлийн өртгийн дүн нь тайлант хугацаанд гарсан зардлаас хэтрэхгүй. Тайлангийн үеийн бодит зээлийн зардлаас тэр зээлийн богино хугацаат хөрөнгө оруулалтын орлогыг хасаж, капиталжуулах зардлыг тооцно.


Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно.

Эх сурвалж: Legalinfo

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page