Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалаарх "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-ын талаар оруулж байна.
Энэхүү журам нь 8 хэсгээс бүрдэнэ.
Нийтлэг үндэслэл
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан (цаашид “тайлан” гэх) цахим хэлбэрээр хүлээн авч, хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, уг сангийн мэдээллийг ашиглах, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг бүртгэх, улсын хэмжээнд санхүүгийн тайланг хүлээн авсан дүнг нэгтгэх, холбогдох баримтыг архивд хүлээлгэн өгөх, мэдээллийн сангийн хадгалалт хамгаалалтын найдвартай байдлыг хангах үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө.
1.2.Тайлангийн нэгтгэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг бүрэн хамруулна.
1.3.Тайланг “Санхүүгийн тайлангийн и-баланс” системээр хүлээн авч нэгтгэнэ.
1.4.“Санхүүгийн тайлангийн и-баланс” системд нэвтрэх нэр, нууц үгийг Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага олгоно.
1.5.Харилцагч санхүүгийн байгууллага нь тайлангийн маягт, түүнийг нөхөх заавар, гарын авлагаар аж ахуйн нэгж, байгууллагыг хангаж ажиллана.
Хоёр. Санхүүгийн тайланг тушаах
2.1.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
2.2.“Санхүүгийн тайлангийн и-баланс” систем нь хуульд заасан тайлан хүлээн авах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл системд нэвтрэх эрхээ авсан аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна.
2.3.Дүрмийн санд өөрчлөлт орсон, татан буугдаж байгаатай холбогдуулан завсрын санхүүгийн тайлан гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цаасан хэлбэрээр, холбогдох баримтын хамт биечлэн тушаана.
2.4.Нэгтгэсэн болон салбарын нэгдсэн тайлан бэлтгэдэг аж ахуйн нэгж байгууллагын хувьд жилийн санхүүгийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна.
2.6.“Санхүүгийн тайлангийн и-баланс” системд илгээсэн санхүүгийн тайлангийн мэдээллийг үнэн зөв байдлыг аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцна.
Гурав. Тайланг хүлээн авах
3.1.Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж, хүлээн авна.
3.2.Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.3-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 5 өдрийн дотор хянаж, тайлангийн хуудас бүр дээр гарын үсэг, тамга тэмдэг дарж хүлээн авна.
3.3.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харьцдаг дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайланг цахим хэлбэрээр болон батлагдсан маягтын дагуу биечлэн тушаах ба Сангийн яамны тухайн чиглэлийн асуудлыг хариуцаж буй газраар хянуулсны үндсэн дээр хүлээн авна. Үүнд:
3.3.1.Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой;
3.3.2.Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан;
3.3.3.Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан;
3.3.4.Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан;
3.3.5.Сангийн яамнаас тусгайлан мэдээлсэн;
3.4.Тайланг дараах үзүүлэлтээр хянаж, хүлээн авна. Үүнд:
3.4.1.тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх;
3.4.2.маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх;
3.4.3.өмнөх хугацааны тайлантай уялдаж байх;
3.4.4.тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх;
3.4.5.аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн байх;
3.5.Энэ журмын 3.4.5 дахь заалт нь санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна.
3.6.Энэ журмын 3.4-д заасан аль нэг шаардлагыг хангаагүй, зөрчил илэрсэн тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллага нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийг залруулах талаар нэн даруй анхааруулгыг нэмэлт тодруулга, тайлбарын хамт И-баланс системээр дамжуулан авна.
3.7.Энэ журмын 3.4-д заасан шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага алдаагүй, засваргүй тайланг энэ журмын 3.6-д заасан анхааруулгыг “Санхүүгийн тайлангийн и-баланс” системд оруулсан өдрөөс хойш 15 хоногт багтаан дахин илгээх бөгөөд энэ журмын 3.4-д заасан шаардлагыг харилцагч санхүүгийн байгууллага бүрэн хангасан гэж тооцсон өдөр санхүүгийн тайланг тушаасанд тооцно.
3.8.Хуульд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад эрх бүхий этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, санхүүгийн тайланг баталгаажуулах ба хариуцлага хүлээлгэсэн нь өмнөх улирлуудын тайланг нөхөн баталгаажуулах үндэслэл болохгүй.
3.9.Ажлын ачааллыг харгалзан тайлан хүлээн авах үед нэг мэргэжилтэнд 2500 аж ахуйн нэгж ногдохоор тооцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийг түр ажиллуулж болох бөгөөд тайлангийн баталгаажуулалт, бусад хариуцлагыг үндсэн орон тооны бүртгэлийн мэргэжилтэн хариуцна.
3.10.Харилцагч санхүүгийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тухайн оны тайланг хатуу дискт 3 хувь хуулбарлан, дараа оны 2 дугаар улиралд багтаан архивд хүлээлгэн өгнө.
Дөрөв. Тайланд залруулга хийх
4.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана.
4.2.Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ.
4.3.Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.
4.4.Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална.
Тав. Нэгтгэсэн санхүүгийн тайланг хүлээн авах
5.1.Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг бүхий бизнесийн нэгдлийн толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гарган, хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
5.2.Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 5.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн нэгтгэсэн санхүүгийн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж, хүлээн авна.
5.3.Нэгтгэсэн санхүүгийн тайланг дараах үзүүлэлтээр хянана. Үүнд:
5.3.1.тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх;
5.3.2.маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх;
5.3.3.өмнөх хугацааны тайлантай уялдаж байх;
5.3.4.нэгтгэгдэж буй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай уялдаж байх;
5.3.5.тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх.
5.4.“Санхүүгийн тайлангийн и-баланс” систем нь нэгтгэсэн санхүүгийн тайлан хүлээн авах хуульд заасан хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна.
5.5.Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 5.3-д заасан зөрчил илэрсэн тохиолдолд тухайн нэгдлийн толгой компанийн удирдлагад зөрчлийг залруулах талаар анхааруулга хүргүүлж, алдаагүй, засваргүй тайланг хүлээн авна.
5.6.Зөрчлийг арилгаж, шаардлага хангасан санхүүгийн тайланг хүлээн авсан өдрөөр нэгтгэсэн санхүүгийн тайланг тушаасан огноог тооцно.
Зургаа. Нэгтгэл хийх
6.1.Харилцагч санхүүгийн байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг энэ журмын хавсралтад заасан үзүүлэлтээр гаргаж тайлангийн ирцийн мэдээний хамт 4 дүгээр сарын 20-ны дотор Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
6.2.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг улсын хэмжээнд нэгтгэн, дүн шинжилгээний хамт дараа оны 2 дугаар улиралд нийтэд мэдээлнэ.
Долоо. Санхүүгийн тайлангийн мэдээллийг ашиглах
7.1.Санхүүгийн тайлангийн цахим сангийн мэдээллийг дараах этгээд И-баланс системд нэвтрэх эрх авч ашиглах боломжтой. Үүнд:
7.1.1.Төрийн байгууллага;
7.1.2.Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага;
7.1.3.Хөрөнгийн бирж.
7.2.Энэ журмын 7.1-д заасан байгууллага нэвтрэх эрх авах тухай хүсэлтээ Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр үндэслэлийн хамт ирүүлнэ.
7.3.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 7.2-д/ заасан хүсэлтийг хянаад ашиглах мэдээллийн цар хүрээнээс хамаарч санхүүгийн тайлангийн И-баланс системд нэвтрэх эрхийг эрхийн хязгаарлалттай олгож болно.
7.4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2-д заасан аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээлэл нийтэд ил тод байна.
7.5.Энэ журмын 7.4-д зааснаас бусад аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг дор заасан этгээд дараах тохиолдолд авах эрхтэй байна. Үүнд:
7.5.1.Зээл олгох, төлүүлэх болон барьцаалах хөрөнгийн талаар судалж буй банк санхүүгийн байгууллага, гэрээ хэлцэл хийхээр судалж буй харилцагч байгууллага тухайн аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлөөр;
7.5.2.Тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага зөвшөөрсөн бусад тохиолдолд хүссэн этгээд.
7.6.Энэ журмын 7.5-д заасан этгээд санхүүгийн тайлангийн мэдээлэл авах хүсэлтээ харилцагч санхүүгийн байгууллагад албан бичгээр ирүүлэх бөгөөд энэ хүсэлтэд холбогдох үндэслэл, нотлох баримтыг хавсаргасан байна.
7.7.Харилцах санхүүгийн байгууллага нь энэ журмын 7.6-д заасан хүсэлтийг хянаад, цахим сангаас холбогдох мэдээллийг хуулбарлан өгөх бөгөөд ингэж хуулбарлахтай холбогдсон зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцна.
Найм. Бусад
8.1.Энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Уншиж судлаарай. Санхүүчдээ.
Comments