top of page
Search

Санхүүгийн тайлангийн шинжилгээ


Санхүүгийн тайланд үр дүнтэй шинжилгээ хийхийн тулд дараах зургаан үе шатыг хэрэгжүүлдэг. 1. Шинжилгээ хийх зорилгоо тодорхойлох. Ямар зорилгоор шинжилгээ хийх гэж байгаагаа хамгийн түрүүнд тодорхой болговол шинжилгээний цар хүрээ, ашиглагдах баримт материал, шаардагдах хугацаа болон төсөв зэрэг олон зүйлс тодорхой болно. Зорилгоо тодорхойлоход төвөгтэй байгаа бол хэнд зориулан шинжилгээ хийж байгаагаа эхлээд бодоорой. Хувьцаа эзэмшигчдэд үү, хамтран ажиллах байгууллагад уу, удирдлагуудад уу, олон нийтэд үү?

2. Дата цуглуулах. Датаг санхүүгийн тайлангаас гадна асуулга, салбарын тоон үзүүлэлт, олон нийтэд нээлттэй өгөгдлийн сангаас цуглуулж болно. Дата их байх тусмаа сайн биш гэдэг дүрмийг битгий мартаарай. Таны судалгаанд хэрэг болох бөгөөд үнэн зөв дата л байвал бүгдийг цуглуулах гэж цаг үрэх хэрэггүй.

3. Датагаа цэгцлэх. Энэ шатанд датанаас хэрэггүй хэсгийг хасаж, зарим хэсгийг тохируулж бэлтгэнэ. Яг л хоолоо болгохын өмнө ногоогоо арилгаж, махаа хэрчих шиг бэлтгэл үе.

4. Датанд дүн шинжилгээ хийх Харин энэ хэсэгт бол өөрийн сонгосон математик, статистик, эдийн засгийн аргыг ашиглан тооцоолол хийнэ. Датанаас асууж болох бүх асуултаа асууна гэсэн үг.

5. Дүгнэлт гаргаж санал боловсруулах Датанаас хариултуудаа авсны дараа "бясалгал"-ын цаг эхэлнэ. Та ямар үр дүн хүлээж байсан бэ? Датанаас ямар үр дүн гарч байна? Энэ тохиолдолд цааш ямар арга хэмжээ авах вэ? Ер нь бол эхний шатанд тодорхойлсон зорилгодоо энэ шатанд хүрдэг.

6. Үргэлжлүүлэн хянах Хэрэв шаардлагатай бол хэсэг хугацааны дараа дахин дүн шинжилгээ хийж таны гаргасан дүгнэлт хэр зөв байсан, зөвлөмжийг бодитой хэрэгжүүлсэн эсэхийг дахин нягталж шалгана. Хэрэв эхний удаад буруу бодсон бол энэ удаад засах боломжтой.

Таны ажилд амжилт хүсье

0 comments
bottom of page