Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний дотор шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг ажлын нэг цагт 3,929 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байгаа бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 01-ний дотор 110,000 төгрөгөөр нэмэгдэх нь.
Хөдөлмөр хөлсний доод хэмжээний тухай хуулинд :
Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид "ажилтан" гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.
Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно.
Мөн хуулийн 8 дугаар зүйлд:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг ажилтан, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага нь хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүхэд гаргаж болно.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө.
Нийгмийн даатгалын тухай хуулинд:
Даатгуулагч, ажил олгогчийн шимтгэл ногдох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны шимтгэл ногдох цагийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна.
Эх сурвалж: https://legalinfo.mn/
Comments