ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Биет бус хөрөнгийн дансны бүртгэл №18
- UB audit

- Oct 10
- 3 min read
Updated: Oct 27

Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
ХӨРӨНГӨ
ӨР ТӨЛБӨР
ЭЗДИЙН ӨМЧ
ОРЛОГО БА ОЛЗ
ЗАРДАЛ БА ГАРЗ
БУСАД
ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ
ХӨРӨНГӨ: БИЕТ БУС ХӨРӨНГӨ
А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ
Биет бус хөрөнгө гэдэг нь биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц, мөнгөн бус хөрөнгө юм.
Биет бус хөрөнгөнд материаллаг дүнтэй төрөл бүрийн программ хангамж, патент, худалдааны тэмдэг, гүүдвил зэрэг хамарна.
Биет бус хөрөнгө нь доорх шалгуурыг хангаж байвал хүлээн зөвшөөрнө:
Тодорхойлогдохуйц байх: Биет бус хөрөнгө доорх нөхцөлүүдээс хангаж байвал тодорхойлогдохуйц байна гэж үзнэ:
- Тусад нь авч үзэх боломжтой буюу бусдад түрээсэлж, борлуулж, шилжүүлж, арилжаалж болдог байх.
- Гэрээ эсвэл бусад хууль эрхийн актын улмаас үүссэн байх.
Хянагдах боломжтой байх: Хөрөнгөнд хяналт тавих чадвартай байх нь чухал. Хөрөнгөөс ирээдүйн үр өгөөж олох боломжтой ба тэр үр өгөөжийг зөвхөн өөрөө хүртэх боломжтой байх үед хяналт тогтсон гэж үзнэ.
Ирээдүйд эдийн засгийн өгөөж авчрах.
Өртгийг нь найдвартай хэмжих боломжтой байх.
Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгө нь хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаж байгаа эсэхийг үнэлэхийн тулд хөрөнгийг бий болгох үе шатыг дараах байдлаар ангилна:
судалгааны үе шат
хөгжүүлэлтийн үе шат
Судалгааны зардлыг гарсан тухай бүрт нь зардлаар хүлээн зөвшөөрнө. Хэрэв биет бус хөрөнгийг бий болгох судалгааны үе шатыг хөгжүүлэлтийн үе шатаас ялгаж чадахгүй байгаа бол зарцуулсан зардлыг зөвхөн судалгааны үе шатанд гарсан гэж үзээд зардлаар хүлээн зөвшөөрнө. Биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаагүй хөгжүүлэлтийн зардлыг гарсан тухай бүрт зардлаар хүлээн зөвшөөрнө. Биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөгжүүлэлтийн зардлыг гарсан тухай бүрт биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө.
Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ
Биет бус хөрөнгийг анх удаад өртгөөр хүлээн зөвшөөрнө. Худалдаж авсан биет бус хөрөнгийн өртөг нь худалдааны хөнгөлөлт ба хямдруулалтыг хасаж, импортын болон буцаагдахгүй татварыг оруулж тооцсон худалдан авалтын үнэ ба хөрөнгийг тухайн зориулалтаар нь ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд нэмэлт зардлуудын нийлбэрээр тодорхойлогдоно.
Бизнесийн нэгдлийн үр дүнд биет бус хөрөнгө худалдан авсан нөхцөлд биет бус хөрөнгийн өртгийг түүний худалдан авалтын өдрийн бодит үнэ цэнээр илэрхийлнэ.
Хандиваар эсвэл хөрөнгийн солилцоогоор авсан биет бус хөрөнгийг бодит үнэ цэнээр хэмжинэ. Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгийн хувьд хөгжүүлэлтийн үе шатанд хамаарах зардлын дүнгээр биет бус хөрөнгийг хэмжинэ.
Биет бус хөрөнгийн хорогдол.
Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхой бол ашиглалтын хугацаанд хорогдуулна. Биет бус хөрөнгийг тохиромжтой аргаар хорогдуулна. Хорогдол нь биет бус хөрөнгийн хорогдуулах дүнг түүний ашиглалтын хугацаанд системтэй хуваарилж зардалд шингээсэн хуваарилалт юм.
Хорогдуулах дүн гэдэг нь биет бус хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнг хэлнэ.
Хэрэв тохиромжтой арга тодорхойлогдохгүй бол шулуун шугамын аргаар хорогдуулна. Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхойгүй бол хорогдуулахгүй, үнэ цэнийн бууралтыг үнэлж, бүртгэнэ. Ашиглалтын хугацаа тодорхойгүй биет бус хөрөнгийн дансны үнийг нөхөгдөх дүнтэй нь харьцуулах замаар үнэ цэнийн бууралтыг жил бүр шалгаж, үнэ цэнэ буурсан гэх шинж тэмдэг байгаа эсэхийг тодруулна.
Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа.
Гэрээ болон бусад хууль эрх зүйн заалтын дагуу бий болсон биет бус хөрөнгийн ашиглагдах хугацаа нь тухайн гэрээнд заасан хугацаанаас хэтрэх ёсгүй. Хэрэв эрх нь тодорхой хугацаанд шинэчлэгдэж байхаар хязгаартай хугацаатайгаар өгөгдсөн бол зөвхөн шинэчлэлтийг баталсан үлэмж нөлөө бүхий зардлыг нотолсон нотолгоо байгаа үед хөрөнгийн ашиглагдах хугацааг шинэчилж тогтооно.
Хоршоо нь тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг түүний нөхөгдөх дүнг дансны үнэтэй харьцуулах замаар жил бүр болон тухайн биет бус хөрөнгийн үнэ цэнэ буурсан гэх ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэх тухай бүрт үнэлнэ. Биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үнэлэхдээ:
Дансны үнийг тооцоолно.
Нөхөгдөх дүнг тодорхойлно. Нөхөгдөх дүнг уг хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ (хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэн) ба борлуулалтын цэвэр үнэ (бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан цэвэр дүн)-ийн аль ихээр тодорхойлно.
Дансны үнэ ба нөхөгдөх дүнгийн аль багаар үнэлнэ. Хэрэв нөхөгдөх дүн нь дансны үнээс бага бол эдгээрийн зөрүүгээр үнэ цэнийн бууралт хүлээн зөвшөөрнө. Ийнхүү хүлээн зөвшөөрсний дараах тайлант хугацаанд хүлээн зөвшөөрч бүртгэсэн үнэ цэнийн бууралтын шалтгаан өөрчлөгдөж, байхгүй болсон гэж үзвэл үүнийг буцаана.
Шаардлагатай гэж үзвэл биет бус хөрөнгийг дахин үнэлж болох ба бүртгэл нь дээр дурдсан үндсэн хөрөнгийн дахин үнэлгээтэй ижил хийгдэнэ. Бодит үнэ цэнийг дараах нөхцөлийг бүгдийг хангасан идэвхтэй зах зээлээс тодорхойлно. Үүнд: зах зээлд нэг төрлийн зүйлсийг арилжаалдаг, арилжаанд оролцоход бэлэн худалдан авагч ба борлуулагч байнга байдаг, худалдах үнийг олон нийт нээлттэй олж авах боломжтой.
Тайлант хугацааны эцэст хөрөнгийн дансны дүн, бодит үнэ цэнэ хоорондоо материаллаг зөрүүтэй байх үед дахин үнэлгээг хийнэ. Биет бус хөрөнгийн идэвхтэй зах зээлийн үнэлгээг хийхэд амаргүй байдаг тул биет бус хөрөнгийг дахин үнэлэх нь маш ховор.
В. БҮРТГЭЛ

Биет бус хөрөнгийн хорогдлын зардлыг хүлээн зөвшөөрч, хуримтлуулахад

Хэрэв биет бус хөрөнгийг данснаас хасах үед ашиглалтын хугацаа дуусаагүй бөгөөд хорогдуулах өртгийг хараахан бүрэн нөхөөгүй бол хорогдуулаагүй үлдсэн өртгийн дүнг гарзаар бүртгэнэ.

Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно.
Эх сурвалж: Legalinfo




Comments